Saturday, August 23, 2014

Сүрдүүлэг!!! By Саруулхан

Дэлгэрмаа бол сүрдүүлэгч. Сэтгэл санаагаар наадагч, алан хядагч. Зүрхэн дотор минь тэсрэх бөмбөг тавьчихаад юу ч болоогүй юм шиг цааш алхдаг террорист. Ганнибалист. 

Тэр өвчтэй байгаа хэдий ч намайг сүрдүүлсэн хэвээр байна. Эрхэм хүндэт уншигчидаа. Гэрт нь 2 хонож асарч сувилсны минь хариуд тэр сүрдүүлж байна гээч. Ямар айхтар хүний мөсгүй амьтан бэ? Өнөөдөр би тэднийдээ 2,3 хоносны эцэст гэртээ ирлээ. Гэтэл тэр ардаас сүрдүүлсэн бичвэрээ бичиж байна. Эмчийн бичиж өгсөн эмийг гашуун гээд уухгүй гэлээ, үсэрч дэвхцэж болохгүй гэсэн байтал "загнаад байвал үсэрч дэвхцэнэ шүү" гэж айлган заналхийллээ. Үүгээр ч үл барам "Эмч намайг хүнд юм өргөж болохгүй гэсэн байтал чи надад хүнд үг хэллээ, даахгүй байна" гэж яндагналаа. 

БИ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!
.... Түүний өвчинг :(

Хажууд нь хэвтэж, тэвэрч ширтэж, өвөр дээрээ суулгаж тв үзэж, өндөгтэй талх идэж маасайн инээхдээ би жаргалыг мэдэрсэн. Би түүнээс хайр авахдаа биш миний их хайрыг түлхэхгүй байгаад нь би улам ихээр шунан дурлаж байна. Хайр гэдэг бол авах биш өгөхийн нэр юм байна. Хайр бол нэр үг биш үйл үг юм байна. Хайр бол хамт оршихуй юм байна. Хайр бол халбага пивоноос илүү үнэтэй зүйл юм байна аа. :)

Юм угаахад нь туслах, угаасан хувцсыг нь хэцэн дээр тохож өгөх, талхан дээр нухаш түрхэж өгөхдөө баяр баясал хэзээ мэдэрдэг болчихов оо Саруулхан минь ээ?.  Чи чинь хөргөгч онгойлгож хүйтэн ундаа уухаасаа хүртэл залхуурч ам цагаан хулганад итгэж тэвчин нойрсдог залуусан биш билүү? Хүйтэнд тэсвэргүй ханиаж, халуунд тэвчилгүй наршдаг тийм л бие султай шаар байж бас охин халамжилж, хамаг байдгаа зориулж сэтгэл гаргана гэнэ ээ Саруулаа? 

Чи яг солиорчихож ээ. Чи жүжиглэж байна. Чи наад жүжгээсээ залхахгүй байна уу гэж тархи минь зүрхнээсээ асууж байна. Гэвч энэ махбодийг тархи биш зүрх удирддаг юм байна. Би гэр бүлийн эзэн, өрхийн тэргүүн болох хүн байтал эхнэрийнхээ урдуур орж юм хийж, угаалганы машины угаадас асгаж, хоол хийхэд нь туслах ямар хэрэгтэй юм бэ гэж хэнхэг бодол тархинд орж ирэх ч энэ бүх бодлыг цөм цохих зүрхний цохилтыг би яаж ч чадахгүй байна. Зүрх минь түүний төлөө цохилж байхад тархи хэнд хамаатай гэж?

Тархи... Зүрх... Хайр.. 
Надад ХАЙР бий. 

No comments:

Post a Comment